Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний №102 тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг ТӨҮГ болгосон бөгөөд уг тогтоолоор үйлдвэрийн дүрмийг баталсан билээ. Дүрэмд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлыг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлын шийдвэрээр томилохоор заасны дагуу Х.Бадамсүрэнг улираан томилсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиралд тавигдах шалгуурыг уг дүрмийн 6.8.1-д тусгасан бөгөөд уул уурхайн мэргэжилтэй, мэргэжлээрээ 16-гаас доошгүй, үүнээс үйлдвэрлэлд наймаас доошгүй жил ажилласан байна гэсэн шалгуур заажээ.
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр баталсан. Тус дүрэмд заасны дагуу Ерөнхий захирлын тушаал гарч, орлогч захирлууд томилогдлоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байна. Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нар томилогдож, шинэ захирлууд 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээн авлаа.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн орлогч захирлуудыг томилохдоо ажлын дадлага туршлага, мэдлэг чадварыг нь чухалчилжээ. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан, ажил мэргэжилдээ туршлагажсан, хамт олондоо төдийгүй салбартаа үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сонгон, баг болж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Нийт 0