Эрдэнэт үйлдвэр Орхон аймагтай хамтран “Цагаан тоос” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна

Эрдэнэт үйлдвэр Орхон аймагтай хамтран “Цагаан тоос” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна

 -“Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж байна?
    -Эрдэнэт үйлдвэр Орхон аймагтай хамтран “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөр боловсруулахын өмнө Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэдийн саналыг авсан. Хоёр талын ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Хөтөлбөрийг аймгийн Засаг даргын зөвлөл ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар урьдчилан хэлэлцүүлсэн. Саяхан Байгаль орчин Аялал жуулчлалын яам болон Орхон аймгийн хамтарсан шалгалт хийж, зөвлөмж өгсөн. Энэ дагуу бид Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн, ЗГХЭГ-ын дэд даргын 3-р сарын 11-ний өдрийн албан тоотыг үндэслэн цагаан тоос, ус, ХАА-н асуудлыг тусган, цагаан тоосны дэд хөтөлбөртэй уялдуулан төлөвлөгөө боловсруулан гаргасан.



     -Энэ жил цагаан тоосны дэгдэлт өмнөх жилүүдээс илүү байгаагийн шалтгаан юу байна?
   -Хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал энэ жил хур тунадас бага орж, хуурайшилттай байгаа нь цагаан тоос дэгдэх нөхцөлийг ихээхэн бүрдүүлж байна. Хоёрдугаарт, манай үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнээр цагаан тоосны талбай нэмэгдсэн. Боловсруулж буй хүдрийн 98 хувь нь Хаягдлын аж ахуйд очиж, хоёр хувь нь баяжмал болон гадагш зарагдаж байна. Мөн ХАА-н далангийн түвшин өндөрсөж байна. Энэ бүх нөхцөл  цагаан тоосны дэгдэлтийг улам ихэсгэж байгаа.

     -Цагаан тоосны дэгдэлт бууруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байна?
     -АТБ-аас хоёр белаз гарган, хаягдлын талбайг өдөр бүр 320 тонн усаар норгож байна. Хүнд даацын машин шаварт суух магадлалтай учир боломжтой газар хүртэл усалж байна. Үйлдвэрийн  хаягдал булингад дарагч урвалж /флокулянт/-ийг ашиглан технологийн аргаар цагаан тоос дарах туршилт өнгөрсөн жил явуулсан нь амжилттай болсон. Өвлийн хаялтаас зуны хаялт руу шилжих үед энэ дарагч урвалжийг ашиглана. Газрын хөлдөлтийн гүн далангийн тогтвортой байдалд нөлөөлөхөөргүй түвшинд хүрсэн үед өвлийн хаялтаас зуны хаялт руу шилжинэ. Булингын хаялтын шилжилт 5-6-р сард явагдахаар төлөвлөгдсөн. Энэхүү аргаар тодорхой хэмжээний талбайг хамруулан цагаан тоос дарах бололцоотой ч технологиос үүдээд боломжгүй талбай бас үлдэнэ.

     -Энэ хэсгийн тоосыг хэрхэн дарах вэ?
     -Барьцалдуулагч олон төрлийн бодис байдаг ч технологийн процесст огт нөлөөгүйг нь сонгох шаардлагатай. Ил уурхайн тоосыг дарахад хэрэглэж буй бодисыг лабораторит судлан туршиж, 17 га талбайд цацлаа. Үр дүн сайн гарч байна. Бид белаз  ашиглан уг бодисыг цацсан. Гэвч  ус цацах зориулалттай техникт тусгай бодис хийснээс бөглөрч эвдэрсэн. Тусгай зориулалтын техникийг сонголт хийж захиалсан. Үүнийг Хангамжийн хэлтсийнхэн ойрын үед шийдэж өгнө гэж найдаж байна.

     -Техникийн асуудлыг  шийдэх ямар гарц байна?
    -Үүнийг бид зөвхөн ХАА-н цагаан тоос бус, Ил уурхайн карьерын цагаан тоос, замын тоос зэргийг дарах боломжтой, шаварт суучихааргүй, нуурын наанги шавраас авч цацах боломжтой техник сонгон захиалсан. Энэ бол тусгай захиалгат тоног төхөөрөмж учраас цаг хугацаа нэлээн орно. Монгол дахь нисэх онгоцны компаниудтай ярьж байгаа. Томас Эйр компанийн төлөөлөл манай үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ онгоц хортон шавьжны устгал, бордоо цацах  зориулалттай. Бид дарагч бодисоо өгч явуулсан. Тэдний ярьж байгаагаар бодис цацах боломжтой, харин тоостой нөхцөлд нисэхэд онгоцны моторын эд анги гэмтэх хүндрэл үүсч магадгүй гэсэн. Тэд судлаад удахгүй хариу өгнө. Ингээд бид эдгээр   аргыг хослуулан цагаан тоос дарахаар шуурхай ажиллаж байна.

     -Эрдэнэт үйлдвэр  цагаан тоос дарах асуудлаар  Шинжлэх ухааны академитай  хамтран ажиллах болсон. Энэ ажил ямар шатанд яваа вэ?
     -Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод Эрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн хуралдсан. Найман чиглэлээр хамтран ажиллах бөгөөд үүний нэг нь цагаан тоос дарах ажил юм. Гэрээ хэлэлцээрийн түвшинд яваа энэ ажлыг Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Дашдорж  хариуцаж байгаа.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх