Саяхан манай улс Ватикан улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болсон билээ. Манай улсад тэр Ватикан улсаас 376 мянга дахин том газар нутагтай нэгэн аймаг бий. Тэр аймгийн газар нутгийн талаас илүү буюу 92.882 км² талбай нь уул уурхайн лицензтэй. Эрх мэдэлтнүүдийн мөнхийн шуналын бай болсоор ирсэн энэ зовлонт аймаг бол Өмнөговь.
Эдийн засаг сөхөрсөн энэ цаг үед элгээ сийчүүлж, хэвлийгээ ухуулж улсаа чирч яваа ганц аймгийн ард түмэнд орон нутгийн гэх жижиг таван толгойн уурхайн 51%-иас бусад нь бусдын мэдлийнх болсон юм. Улс зээл авах, улсын зээл төлөх, сонгуулийн өмнө мөнгө тараах, сонгуулийн дараа мөнгө босгох гээд бүх л улс төржилтийн золионд энэ л аймаг тамлагддаг тавилантай. Номхон тэмээг ноолох мэт Өмнөговийг ноолж дуусах шийдвэрүүд байнга л гарсаар сүүлдээ ч сонин биш сонсогддог болжээ. Хамгийн сүүлд л гэхэд нийслэл хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон Засгийн Газарын 62-р тогтоол гарч, сайжруулсан түлшний түүхий эд болох түлшинд хэрэглэх нүүрсийг хажуу хаяанд байгаа Налайх, Багануур, Шивээ овоо, Алаг толгой алинаас нь ч биш хаа хол Өмнөговиос зөөж байхав. Энэ бол эрдэмтэйхэн хүний элэг хөшиж, зэвүү хүрмээр нэг л жишээ.
Өнөөдөр тус аймагт болоод буй нэг гамшиг тэндхийн иргэд, малчдын шаналал болоод буй юм. Тэр нь уурхайн хоол хүнс хангамж, түлш ачсан хүнд даацын машинуудын үр дагавараас үүссэн шороо тоосноос болж малын бэлчээрээ ч харах боломжгүй болоод зогсохгүй малын гэдэс дотроос хар тоосны бөөгнөрөл гарах болсон явдал юм. Гэтэл тэндээс нийслэлийн түлшний нүүрсийг зөөх болсон шийдвэрийг нутгийн малчид яагаад ч зөвшөөрөхгүй гэж байгаа ч тэдний эсэргүүцэл эрх мэдэлтнүүдийн тамганы өмнө хүчин мөхөс болж байна. Урагшаа зөөж байгаа нүүрсний тасралтгүй тээвэрлэлт нэг дахин нэмэгдэж хойшоо үүснэ гэсэн үг.
Тэгээд ч өнөөдөр ундны усны нөөцгүй болж байгаа Өмнөговчуудийн хомсхон усаар угааж нийслэлд нүүрс авчирч байгаа нь загатнасан чихээ хөлөөрөө маажихтай агаар нэг үйлдэл болж байгаа юм. Арга ч үгүй дээ. Хүний хүмүүс хүрэн бөөртэй.
Говийн усаар угаасан нүүрсийг 500 орчим километрийн цаанаас өдөр болгон зуу, зуугаараа явах хүнд даацын автомашины шороо тоосжилтонд зовлонт аймгийн хүн, байгаль, мал гурав улам бүр хохирох болж байна.
Хоёр хоногийн өмнө Өмнөговь аймагт байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, цасан шуурга болоход орон нутгийн гэх жижиг таван толгой уурхайгаас ажлын хэсэг томилж малчиддаа тус дэм болсоноос өөр бусад тэндээс ашиг хонжоо ологч уурхайнууд хэлгүй, дүлий хүн мэт өнгөрсөн билээ.
Дашрамд дуулгахад 41 иргэн малтайгаа сураггүй алга болсоноос 37 хүнийг эсэн мэнд олоод байгаа гэнэ. Харамсалтай нь Цогтцэций сумын нэгэн гэр бүлийн хоёр иргэн, бас нэгэн эмэгтэй, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн, нийт дөрвөн иргэнийг осгож нас барсан байдалтай олжээ. Мөн 1000 гаруй мал цасан хунгарт дарагдсан бөгөөд мал нь сураггүй алга болсон айлуудаас ирсэн дуудлага нэмэгдсээр байгаа гэнэ.
- Улсын эдийн засгийг үүрч энэ нутаг хангалттай зовж байна. Одоо өөрсдийнхөө тарьсан утааг өөрсдөө багасга. Тэр шахмал түлшнийхээ нүүрсийг ойроос тат... гэж хэлсэн нэгэн малчны үг сэтгэл зүсэм сонсогдоно.
БАЯЛАГИЙН ЭЗЭН БОЛЖ ТӨРСӨН Ч БАЯЛАГ НЬ ЗОВЛОН БОЛСОН ӨМНӨГОВЬЧУУДЫН ЗОВЛОН ХЭЗЭЭ ДУУСАХ БОЛ...
Нийт 0