Н.ОНОНДАРЬ: ЭНДХИЙН АЛТАН НОМОНД ГАРЫН ҮСГЭЭ ҮЛДЭЭСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙГАА

Н.ОНОНДАРЬ: ЭНДХИЙН АЛТАН НОМОНД ГАРЫН ҮСГЭЭ ҮЛДЭЭСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙГАА

Герман улс 2018 оны бүжгийн спортын дэлхийн аварга болж, шигшээ багт нь гоцлон бүжиглэсэн Монгол охиныг тус улсын хэвлэл мэдээллүүд онцолж шуугиан болж байв. Бүжгийн спорт өндөр хөгжсөн улсын шигшээ багт багтаж, гоцлох хүртэлээ өөрийгөө хөгжүүлж чадсан дэлхийн аварга Н.Онондарьтай ярилцлаа.

УУЛ.мн
Баяр хүргэе дэлхийн аварга аа. Монгол охин Герман улсын өмнөөс дэлхийн аварга болсон гэж бодохоор бахархалтай санагдаж байна. Хэзээ, хаана болсон тэмцээн бэ?

Н.ОНОНДАРЬ
Маш их баярлалаа. Таны бичсэн постыг нэг танил маань надад уншуулсан. Надад их урам болсон шүү. 2018 оны 12-р сарын 02-нд БНХАУ-ын Шенжъян хотод Латин бүжгийн хамтлаг төрлийн дэлхийн аваргын тэмцээн болсон. Тэр тэмцээнд Германы шигшээ багт бүжиглээд дэлхийн аварга болсон.

УУЛ.мн
Ийм том улсын шигшээ багт багтахын тулд өндөр ур чадвартай олон бүжигчидтэй өрсөлдөн ялж гарсан байж таарна. Энэ утгаараа нэлээд анхаарлын төвд орсон байх даа?

Н.ОНОНДАРЬ
Тэгэлгүй яахав өрсөлдөөн маш ширүүн. Дэлхийн аваргын тэмцээнээс өмнө Германы аварга, Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлэхэд Монголын охин шигшээ багт бүжиглэж Германы аварга боллоо гээд Герман улс даяар нэлээд шуугиан болсон. Дэлхийн аварга болсоны дараа ч гэсэн хэвлэл мэдээллээр намайг маш их онцолж байсан.

УУЛ.мн
Хамтлагийнхаа тухай яриач?

Н.ОНОНДАРЬ
Grün Gold Bremen A-Team гэдэг хамтлаг. 30 бүжигчинтэй. Дасгалжуулагч, фитнесийн дасгалжуулагч, эмч гээд арын албаны хүмүүстэйгээ нийлээд 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй. Саяынхтай нийлээд 9 дэхь удаагаа дэлхийн аварга болсон түүхтэй хамтлаг. Бас 13 удаа Германы аварга болсон том хамтлаг. Үндсэн 30 бүжигчинтэй ч тэмцээн дээрээ 16 нь бүжиглэдэг. Манай дасгалжуулагч Роберто Албанес гээд дэлхийд нэр хүндтэй, олон улсын тэмцээн шүүдэг, өндөр зэрэглэлийн багш байгаа.

УУЛ.мн
Ер нь яаж яваад энэ том хамтлагт бүжиглэх боломжийг олж авсан бэ?

Н.ОНОНДАРЬ
Би Герман хэлний А2 түвшинтэй. Ийм түвшинтэй залуучуудад зориулсан нэг хөтөлбөр хэрэгждэг. Тэр нь байр, хоол үнэгүй нийгмийн ажил хийдэг хөтөлбөр. Би анх 2015 онд Германд нэг жилийн хугацаанд нийгмийн ажил хийхээр ирсэн юм. Ахмадуудын асрах газар, хүүхдийн цэцэрлэгт туслах ажил хийхийн хажуугаар хэлний мэдлэгээ сайжруулах боломж олдсон юм. Тухайн үед жил бүхэн Германд зохиогддог олон улсын бүжгийн фестиваль болж таарсан юм. Би яаж ийгээд энэнд л оръё гэж шийдээд мөнгөө цуглуулж 300 еврогийн такс төлөөд, өөр улсаас зорьж очиж оролцсон юм. Тэнд оролцоод дасгалжуулагчийнхаа анхааралд өртсөн гэх үү дээ. Манай энэ дасгалжуулагч багш: -Хаана бүжиглэдэг вэ? Манай бүжгийн хамтлагт бэлтгэл хийж үзэх үү гэсэн саналыг тавьсанаар энэ хамтлагтай холбогдох үүд хаалга нээгдсэн.

УУЛ.мн
Германы бүжгийн хамтлаг, Монголын бүжгийн хамтлаг хоёрын хооронд олон ялгаа байгаа байх. Шинэ уур амьсгалтай хамтлагт дасан зохицоход танд ч ямар бэрхшээл тулгарч байв?

Н.ОНОНДАРЬ
Энд хамтлаг дотроо маш ширүүн өрсөлдөөнтэй. Тэмцээний 16-д багтахын тулд бүжигчид хатуу өрсөлдөнө. Миний хувьд хамтлаг дотроо ганцаараа гадаадын иргэн. Багаасаа Германд өсөөгүй, тэс өөр нийгмээс ирсэн болохоор сэтгэлгээ өөр. Анхандаа хэлний мэдлэг сайн биш байсан болохоор ядаж л хамтлагийнхантайгаа ойлголцоход анх их хүндрэлтэй байсан. Эндхийн бүжигчид маш хариуцлагатай, цаг баримтлахаас эхлээд зорилгынхоо төлөө бүх зүйлээ зориулдаг. Их хөдөлмөрч. Үлдэхийн тулд ийм түвшинд бэлтгэгддэг бүжигчдээс дутахгүй байх ёстой. Би өөрийгөө нэлээдгүй түвшинд өөрчилж чадсан.

УУЛ.мн
Хамтлагийнхаа шилдэг 16-д багтахад таны давуу тал юу байсан бэ?

Н.ОНОНДАРЬ
Манай дасгалжуулагч надад хэлж байсан. Чи төгс бүжигчин биш. Гэхдээ бусдад байдаггүй мэдрэмж чамд байдаг гэж. Хамтлагийн бүжигчид бүгд адилхан хөдөлгөөн хийж байгаа ч хөдөлгөөнөө илэрхийлэх байдал, характер маань багшийн анхаарлыг татсан гэсэн. Би ажиллахын хажуугаар сурдаг. Бас сурахын хажуугаар бэлтгэл хийнэ. Энд өртөг өндөр болохоор зайлшгүй ажил хийнэ. Аав ээжээсээ аваад байх боломж байхгүй. Энэ гурвыг зэрэг амжуулах хэцүү байсан. Зүгээр нэг амжуулах биш маш сайн гүйцэтгэх шаардлагатай. Магадгүй миний бэрхшээл надад давуу талыг бий болгож байсан байх. Ажил, хичээлийн хажуугаар гаргаж байгаа бэлтгэлийнхээ цаг минут бүрийг үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Уйгагүй байсны үр дүнд ур чадвараараа хамтлагийн бүжигчдээсээ дутахгүй болж, бүр илүү байж чадсан. Энд бүжгийн спорт хөгжөөд 70 жил болж байгаа газар шүү дээ. Монголд бол дөнгөж л хөгжих гэж эхэлж байна. Гэхдээ яг зорилго тавиад хөдөлмөрлөхөд хүнд гүйцэж болохгүй зүйл, амжуулж чадахгүй ажил гэж байхгүй.

УУЛ.мн
Бүжгийн спорт өндөр хөгжсөн улсын багш дасгалжуулагч нарын онцлох зүйл юу байдаг вэ?

Н.ОНОНДАРЬ
Маш их ялгаатай. Багш дасгалжуулагч нар нь зөвхөн бүжгийн дасгал сургуулилтаас илүү судалгаа шинжилгээ сайн хийж академик мэдлэгээр өөрсдийгөө хөгжүүлсэн байдаг. Тийм болохоор харилцааны чадвар дээр бүр төгс мэргэшсэн юм шиг санагдсан. Тамирчдын сэтгэлзүйд маш эерэг нөлөөлж тулж харьцдаг. Зөвхөн бүжгийн хөдөлгөөн зааж давтуулж, шахахаас илүүтэй сэтгэлзүйн маш мэдрэмжтэй дасгалжуулагч болдог нь үнэхээр онцгой. Ямар үед загнах, аргадах, сэтгэлзүйн дарамтанд оруулах, хэдийд нь тэр дарамтнаас гаргахыг шинжлэх ухааны түвшинд судалчихсан мэдрэмжтэй хүмүүс байдаг. Намайг энд гоцлох хүртэл багш дасгалжуулагч, бас хамтлагийн бүжигчид, найзууд маань маш сайн дэмжиж тусалсан. Энэ их хүч надад гайхамшигтай урам болж дэлхийн аваргын тэмцээнд итгэл дүүрэн оролцсон.

УУЛ.мн
Одоо цаашдын зорилго, төлөвлөгөө?

Н.ОНОНДАРЬ
Би одоо Германд сэтгэл зүйн чиглэлээр сурдаг. Цаашдаа спорт сэтгэл зүйгээр дагнаж Монгол тамирчдаа олимпын дэвжээнд амжилтанд хүрэхэд нь тус дэм болохыг зорилго болгож байгаа. Бас энд сурч мэдсэн зүйлээ Монгол бүжигчиддээ түгээхийг хүсч байна. Одоохондоо бол хамтлагтаа мэдээж үргэлжлээд бүжиглэнэ. Олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Амжилтаа бататгахыг зорино. Хосын тэмцээнд өөрийгөө бэлтгэж байна. Ер нь зорилго бол их байна аа.

УУЛ.мн
Спортын сэтгэл зүйг биеэрээ ойлгож мэдэрсэн тамирчны хувьд сайхан зорилго байна. Хувийн амьдралынхаа зорилгын талаар? Гэр бүл зохиох, ээж болох...

Н.ОНОНДАРЬ
Одоохондоо лав миний саяын ярьсан зорилгууд гэр бүл зохиох тухай ер бодогдуулахгүй байгаа. Ерөөсөө ийм бодол миний толгойд одоогоор огт байхгүй гэж болно. Яваандаа өөр бодолтой болж магадгүй.

УУЛ.мн
Монголд бол хувийн зардалаар тэмцээн уралдаанд ордог. Германд арай тэгэхгүй биз дээ.

Н.ОНОНДАРЬ
Тэмцээн уралдааны бүх зардал цаанаасаа гардаг. Европын аварга болсоны дараа янз бүрийн шагналууд өгсөн. Сая дэлхийн аварга болсоны дараа энэ мужийн алтан номонд гарын үсгээ зурж үлдээсэн нь маш их урам болж байгаа. Хамтлагаараа оны шилдэг бүжгийн хамтлаг болсон.

УУЛ.мн
Дэлхийн аварга болоод Герман улсын төрийн дууллыг эгшиглүүлж байхад юу бодогдож байв?

Н.ОНОНДАРЬ
Би Германы төрийн дууллыг мэдэхгүй, цээжилж тогтоогоогүй байсан хүн чинь медаль аваад гэнэт төрийн дуулал эгшиглэж байхад нээх сонин сонсогдоод байсан. Тэр мөчид ганцаараа гайхаад л өнгөрөөчихсөн. (инээв) Харин дараа нь ирчихээд тэр үед Монгол улсын төрийн дуулал эгшиглэж байсан бол яах байсан бол гэж бодоод тухайн үеээ төсөөлж төрийн дууллаа сонсож үзсэн. Өөрийн эрхгүй уйлчихсан.

УУЛ.мн
Хоёулаа энэ спортод анх хөл тавьж байсан үеийг тань дурсая.

Н.ОНОНДАРЬ
Намайг 5 настай байхад ээж маань хүүхдийн ордны дугуйланд бүртгүүлэхээр хөтлөөд очсон. Тэгээд надаас: Миний охин төгөлдөр хуур, бүжиг хоёрын алийг сонгох вэ гэж асуухаар нь төгөлдөр хуур гэж хэлэхэд их хэцүү байсан болохоор амархан аманд хэлэгдэхийг нь сонгоод бүжиг гээд хэлчихсэн. Тэгээд л хүүхдийн ордны Жагаа багш дээр намайг хөтлөөд оруулсан. Тэгж Жаргалсайхан багш дээр анх шавь орж бүжгийн спортод хөл тавьсан түүхтэй.

УУЛ.мн
Айлын хэд дэхь хүүхэд вэ? Гэр бүлийнхнийгээ танилцуулаач.

Н.ОНОНДАРЬ
Аавыг маань Нэргүй, Ээжийг маань Үнэнбат гэдэг. Би дээрээ хоёр ахтай. Нэг ах маань Италь улсад сурахын хажуугаар ажилладаг. Бага ах сая сургуулиа төгсөөд Монголдоо ажиллаж байгаа. 5 ам бүлтэй айлын отгон, ганц охин нь. Бүжгийг хаячихмаар шантрах үе маш их байдаг байсан. Тэр болгонд хамгийн их надад тусалж намайг ухраагаагүй хүн бол миний ээж. Үргэлж охиноо чин сэтгэлээсээ дэмжиж, бүжиглэхийг маань харж баярлаж, тэмцээнд оруулах гэж өнгөтэй бүхнээ зарж намайг үнэнч дэмжсээр ирсэн. Тэмцээнийг маань үзэж байхдаа сэтгэл нь хөдлөөд аз жаргалтай байдаг. Би 13 настайдаа анх удаа студид бүжиг заагаад анхны цалингаа аваад ээж дээрээ аваачиж өгч байсан. Би өөрөө жигтэйхэн баярлаж байснаас ээжийг баярлаж байгаа эсэхийг анзаараагүй (инээв). Ээжээсээ бүх зүйлээ нуулгүй дотно ярилцдаг. Ээж намайг Монголдоо ирээд ямар нэг зүйл хийж бүтээхийг хүсдэг. Монголдоо очоод сурч мэдсэн зүйлээ түшиглээд ажил хөдөлмөр эрхэлбэл ээж маань их баярлана.

УУЛ.мн
Таны цаг зав ямархуу байна? Асууж ярилцах зүйл их байдаг.

Н.ОНОНДАРЬ
Харин ажилдаа явах цаг дөхөөд л. Би Монголд очоод тантай уулзаж тэр асуултуудад чинь хариулъя болох уу?

УУЛ.мн
Цаг гаргасанд баярлалаа. Хол газар эх орныхоо хөгжлийг сайхнаар төсөөлж зүрх сэтгэлдээ Монголоо тээж яваа олон мундаг залуусын нэг танд амжилт хүсье. Монгол хүн бүжгийн спортоор анх удаа дэлхийн аварга болсон хүч хөдөлмөр зүтгэлээр тань Монголчууд бахархаж байгаа. Цаашдаа ч дэмжиж урам өгч байх болно. 

Н.ОНОНДАРЬ
Баярлалаа. Монголынхоо нэрийг хамгийн өндөрт өргөж явахыг хичээх болно оо. Танд ч гэсэн баярлалаа.

 

Н.Онондарийг Германчууд аль хэдийн таньдаг болсон

https://rbprogressivedl-a.akamaihd.net/clips/051/051532/051532_00202388_video_720p.mp4

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх