Бараа, үйлчилгээний импорт нэмэгдэж, хэрэглээний зээлийн тэлэлт өрхийн төсөвт өрийн дарамт үүсгэж эхэлсэн. Зээл хурдацтай өсөж, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул төв банкнаас иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараар “хазаарласан” гэж тайлбарладаг.
Жишээлбэл, арилжааны банкууд цалингийн зээл олгохдоо уншигч таны цэвэр цалин буюу гар дээр авдаг цалингийн 18 сарын дундаж нийлбэрийн 80 хувь хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг олгодог байсан бол 2019 он гараад 70 хувьтай тэнцэх хэмжээний цалингийн зээл олгодог болсон. Ирэх сард буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувьтай тэнцэх хэмжээний хэрэглээний зээл олгохоор болсон шийдвэрийг Төв банкнаас дахин гаргажээ. Ингэснээр таны авч болох зээлийн хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 20 хувиар буурах юм.
Энэ талаарх мэдээллийг арилжааны банкуудаас асуухад зарим нь "Өнөөдрийн байдлаар төв банкнаас хэрэглээний зээлийн журамд өөрчлөлт оруулсан гэх мэдээлэл ирээгүй байна. Ирэх долоо хоногоос дахин холбогдоорой" гэх тайлбарыг хэлж байв.
Харин "Хаан" банкнаас тодруулахад "Хоёр хоногийн өмнө хэрэглээний зээлийн шалгуур өөрчлөгдсөн талаар Монгол банкнаас мэдэгдсэн. Энэ тухай мэдээлэл одоогоор манай вэб сайтад тавигдаагүй байна. Төв банкнаас мэдээлэл хийсний дараа манайхаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно" гэв.
Хэрэглээний зээлийн шалгуур нэмэгдснээр цалин, тэтгэврийн зээлээр өрхийнхөө томоохон асуудлыг шийддэг иргэдэд томоохон хүндрэл үүсэхээс гадна урт хугацааны зээлийг иргэдэд олгодог аж ахуй нэгжүүдэд хүндээр тусах магадлалтай. Хэрэглээний зээлийн шалгуурт өөрчлөлт орж буй талаар гар утас, цахилгаан барааг иргэдэд зээлээр олгодог томоохон сүлжээ дэлгүүрүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үйлчлүүлэгч нартаа мэдэгдээд байгаа. Хэрэглээний зээлд ямар өөрчлөлт орсон эсэхийг тун удахгүй Төв банкнаас олон нийтэд мэдээлэх юм байна.
Төв банкнаас хэрэглээний зээлийг хумиж байгаа нь бизнесийн зээлийг дэмжих зорилготой аж. Ойролцоогоор 2019 онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг бизнесийн зээлд зарцуулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Арилжааны банкууд хэрэглээний зээл биш, бизнесийн зээл түлхүү олгосноор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өсөх юм. Ингэснээр ажлын байр шинээр бий болж, иргэдийн орлого нэмэгдэнэ. Компаниудын үйлдвэрлэл өргөжиж, техникийн шинэчлэл ч ихээр хийгдэх боломжтой гэж Төв банкнаас үзэж байгаа.
Нийт 0